Universitat de Barcelona
English English | Español Español | Mонгол Mонгол
Монголын нууруудын ангилал

Судалгааны дүнд Монгол орны нууруудыг таван бүлэгт ангилав.

1-р бүлэг: Цэнгэг уст том нуур

Саяны нуруу, Алтайн нурууны өндөрлөг (Ховд, Баян-Өлгий аймаг дах Алтай таван богдын үндэсний парк), Хангайн нуруунд орших сав газруудын эхэн хэсгийн усанд уусдаггүй литологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн улмаас эдгээр нуур олиготроф (шим бодисоор ядмаг) шинж чанартай байдаг. Хөвсгөл нуур, түүнээс баруун зүгт орших Дээд цагаан нуур тэргүүтэй бүлэг нуур Саяны нурууны өмнөд бэлээр оршино. Алтайн нуруунд Хотон, Хурган, Даян, Толбо, Тал болон Дөрөө нуур байна. Хангайн нурууны хойд талаар Завхан аймгийн Сант-Маргад сумын нутагт орших Монгол Элс буюу Хяр борын элс хоёрын хооронд орших Баян нуур, Хоргын галт уулын хайлмагт хашигдаж тогтсон Архангай аймгийн Тариат сумын нутагт харъяалагдах Тэрхийн цагаан нуур мөн Булган аймгийн Баян-Агт сумын Шарга нуур энэ ангилалд багтана. Энэ бүлэгт хамрагдах олиготроф нуурууд гүн бөгөөд цэнгэг устай.

Мезотроф буюу шим бодисоор дунд зэрэг бас эутроф буюу шим бодис ихтэй нуурууд нам дор газар орших ба шим бодис ихтэй усаар тэжээгддэг. Дорнод аймгийн Буйр нуур, Сүхбаатар аймгийн Дууз нуур, Архангай аймгийн Өгий нуур, Ховд аймгийн Хар ус, Далай, Хар нуур, Баян-Өлгий аймгийн Ачит нуур энэ ангилалд багтана.

Эдгээр нуурын ёроол элс хайрга ихтэй, харин эутроф нуурын ёроолд органик шавар хуримтлагдсан байна. Ургамалжилт ховор боловч зүйлийн баялаг өндөр байна (Potamogeton sp. pl., Myriophyllum, Polygonum, Najas , Lemna trisulca). Нуурын эргийн сээр нуруугүйтний бүлгэмдэл Cyclopoidа, Chydoridаe-аас бүрдэх ба заримдаа Gammarus оролцоно. Планктон нь каланойдуудаас (calanoids) бүрдэнэ.


1-р бүлэг: Хөвсгөл нуур, Баруун өмнөд эргийн Xясаан дээрээс

2-р бүлэг: Цэнгэг уст жижиг (зарим нь хатаж ширгэдэг) нуур цөөрөм. Усны булингаршил органик бус умбуур бодисоос шалтгаалахгүй

Энэ төрлийн нуурууд дээрх бүлгийн нууртай ижил тархалттай ч элбэг тохиолдоно. Өндөр уул нуруудаар тархсан нуурууд нь ихэвчлэн олиготроф бөгөөд лимнологийн шинж чанараараа том нууруудтай ижил байдаг.

Тайгын бүслүүр, хээрийн бүсэд тархсан нуурууд бүтээмж өндөртэй, мезотроф (ногоовтор өнгөтэй) эсвэл эутроф (ногоон өнгөтэй) бүр зарим тохиолдолд дистрофик (улаавтар, шаравтар өнгөтэй) ч байж болно. Гүний хувьд янз бүр ч ихэвчилэн 3 метрээс хэтэрдэггүй (хамгийн том нууруудаас бусад нь). Нуур элс юмуу шавран ёроолтой, заримдаа жинхэнэ хүлэрт намаг тохиолдоно. Олонх нь нуга болон цэвдгээр хүрээлэгддэг. Ургамалжилт элбэг. Хэт эутроф нуурын хувьд усны гэрэл нэвтрүүлэх чадвар муу тул ёроолын ургамaлын (макрофит) өсөлтийг хангахуйц хэмжээнд хүрдэггүй. Нуурын эргээр Carex (заримдаа Scirpus lacustris эсвэл Phragmites), Hippuris, Myriophyllum, Polygonum зэрэг ургамал, нуурын гүн рүү Helodea, Potamogeton, мөн хааяa замаг ургана. Caltha, Nymphaea, Lemna trisulca, Utricularia зэрэг ургамал, зарим утаслаг замаг макрофитийн бүлгэмдлийг баяжуулж өгдөг. Хелофитүүд (үндэс нь усанд байдaг Scirpus lacustris, Typha, Carex-ийн зарим зүйлүүд) өвсөн тэжээлтний нөлөөнд ихээхэн өртсөн ажиглагддаг. Бага зэргийн эутроф шинжтэй нуурууд Gammarus, Sida, аномопод, циклопод, остракодын хэд хэдэн зүйл, мөн шавьжны авгалдай бүхий сээр нуруугүйтний баялаг бүлгэмдэлтэй. Өндөр эутроф шинжтэй нууруудын сээр нуруугүйтний бүлгэмдэл нилээд энгийн, Gammarus давамгайлсан байна. Планктоны бүлгэмдэл үндсэндээ аномопод, каланойдоос бүрдэнэ (эдгээрийн зүйлүүд хамт тохиолдох нь элбэг).


2-р бүлэг: Завхан аймаг, Хунт нуур

3-р бүлэг: Давстай том нуур, цөөрөм

Энэ бүлэгт том хэмжээтэй, гүн нуурууд хамрагдах бөгөөд гадагш урсгалгүй тул маш их давстай байдаг. Тэдгээр нь тал хээр болон нам дор газар тархана. Монголын хамгийн том гадаргуутай Увс нуураас гадна Хяргас, Үүрэг, Айраг, Дөргөн нуур (Увс аймаг), мөн Баянхонгор аймгийн нутагт харъяалагдах Бөөн цагаан, Хөвсгөл аймгийн Сангийн далай, Сүхбаатар аймгийн Ганга, Завхан аймгийн Тэлмэн, Цэгээн, Дорнод аймгийн Хөх зэрэг нуур энэ ангилалд багтана. Хөх нуур Монголын хамгийн нам дор цэгт оршдог нуур юм. Хяргас, Үүрэг, Айраг, Дөргөн, Бөөн цагаан, Тэлмэн, Сангийн далай нуурууд олиготроф шинжтэй, ерөнхийдөө ургамалжилтгүй, нуурын эрэг хавиар Potamogeton gr. pectinatus хаaяа нэг тохиолдоно. Бусад нь мезотроф юмуу эутроф шинжтэй учир ус нь ногоовтор эсвэл саарал ногоон өнгөтэй, мөн хаяа тохиолдох Potamogeton gr. pectinatus хаара замаг болон Enterpmorpha төрлийн ногоон замагтай хамт ургасан байна. Нуурын эргийн сээр нуруугүйтний бүлгэмдэлд Gammarus, хидорид, циклоп, остракод болон шавьжны авгалдай оролцоно. Планктоны бүлгэмдэл дафни, циклоп, моинид, каланидаас бүрдэнэ. Эрдэсжилт ихтэй, хэт их биш ч давстай цөөрөм энэ бүлэгт хамрагдана. Эдгээр цөөрөм зөвхөн нам дор газраар хязгаарлагдахгүй Алтай, Хангайн уулсын нилээд өндөр газарт чтохиолдож байгаа тул газарзүйн тархалтын хувьд дээр дурьдсан нууруудаас хавьгүй өргөн юм.


3-р бүлэг: Хөвсгөл аймаг, Сангийн далай нуур

4-р бүлэг: Гүехэн нуур (цөөрөм). Ширгэдэг ба ширгэдэггүй, давсжилт янз бүр, органик бус умбуур бодис их

Энэ ангилaлын нуур Монгол оронд маш элбэг бөгөөд голдуу говь, тал хээрийн бүс нутгаар, заримдаа тайгын бүс болон Алтайн өндөр уулсаар ч тааралдана. Нуурын гүн 3 метрээс хэтрэхгүй ба нуурын ёроол элсэрхэг-марз эсвэл наанга шавраас тогтсон байдаг. Энэ бүлэгт түр зуурын тогтоол ус ч багтана. Тогтвортой коллойд суспенз үүсгэдэг шаврын нөлөөгөөр ус булингартах бөгөөд хүрэн бор, саарал, сүүн эсвэл эдгээрийн завсрын өнгөтэй байна. Эдгээр усан санд гетеротроф метаболизм зонхилдог тул фитопланктон, усан доорх макрофит зэрэг анхдагч бүтээгчдийн оролцоо маш бага юм. Сээр нуруугүйтний бүлгэмдэлд усан сан бүхэлдээ хатаж ширгэх эсвэл бүрэн хөлдөх зэрэг экстрим нөхцөлд дасан зохицсон хавч хэлбэртний зүйлүүд зонхилно. Том хэмжээний заламгай хөлтөн (заламгай хөлтөн, nostraca, Conchostraca, Notostraca) зонхилж Anomopoda, Cyclopoida, Ostracoda, Coleoptera, Hemiptera цөөн тоотой тохиолдоно. Давс ихтэй нуур цөөрмийн эргээр давс хужир цайрч харагддаг ба давслаг ургамал элбэгтэй.


4-р бүлэг: Хөвсгөл аймаг, Улаан Уул сум, Төхөм нуур

5-р бүлэг: Хэт давстай жижиг нуур

Гадагш урсгалгүй, гүехэн эдгээр нуур Завхан, Баянхонгор, Ховд, Булган, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Дундговь аймгийн цөлөрхөг болон тал хээр нутгаар голдуу тааралдана. Ихэнх нь борооны улиралд бий болдог ч зарим нь томоохон хэмжээтэй ширгэдэггүй нуур юм. Усан дахь давсны хэмжээ маш өндөр бөгөөд усзүйн мөчлөгөөс хамааран үе үе эрс өөрчлөгддөг. Усан хангамж буурахад давсжилт ихэссээр эцэстээ давсан нуур болж хувирдаг. Заримдаа өндөр pH бүхий давс, бикарбонатын ион давамгайлснаар хэдий их давстай ч давсны амт амтагддаггүй (Завхан амйгийн Довон нуур). Ийм “хужиртай нуур” хуурай гандуу бүс нутагт тохиолддог бөгөөд микробын өвөрмөц бүлгэмдэлтэй байдаг. Уусдаггүй органик бус бодисоос хамааран умбуур бодисын хэмжээ янз бүр байна. Судалгаанд хамрагдсан нууруудаас Баянхонгор аймгийн Давст нуур, Завхан аймгийн Ойгон, Давсны нуураас давс олборлодог. Давсны нуурын давсны талст маш тунгалаг бөгөөд газрын доорх хэт давстай усны ундаргаар тэжээгдэн байнга нөхөн сэргээгдэж байдаг. Замаг, бактерийн сонирхолтой зүйлүүдээс бүрдсэн өнгөрөг давсны давхаргыг бүрхсэн байдаг. Dunaliella замаг болон Artemia, Branchinectella, Moina salina, Arctodiaptomus salinus, Metadiaptomus asiaticus зэрэг заламгай хөлтний нөлөөгөөр нуурын ус ягаавтар өнгөтэй үзэгдэнэ. Хатуу далавчтан (Coleoptera), хагас хатуу далавчтан (Hemiptera), эфипридын (хос далавчтаны нэг баг) багийн шавьж тохиолдоно. Нуурын зарим хэсэг юмуу нуур бүхэлдээ хатсанаар нүд гялбам, цасан цагаан тунадас үүсгэнэ. Дециметрээр хэмжигдэх том хэмжээний талстууд үе үе тохиолдоно. Энэ нь ууршимтгай эрдсээс үүсэх ба зөвхөн хэт хуурай нөхдөлд л тогтвортой хадгалагддаг. Цасан цагаан давс бүхий эргээр тод улаан өнгийн хужир мараалаг ургамал (Salicornia зэрэг) элбэг тохиолдоно.




5-р бүлэг: Завхан аймаг, Давсны нуур



Усны сээр нуруугүйтэн

Усны сээр нуруугүйтний зарим төлөөлөгчийг судлах нь энэ төслийн гол зорилтуудын нэг юм. Сээр нуруугүйтний бүлгэмдлийн судалгааны анхны үр дүнгээс танилцуулахад:

Мөн түүнчлэн бидний хийсэн судалгаанд ургамал болон сээр нуруугүйтний бүлгэмдэлийн асар их нөөц байгаа бөгөөд Coleoptera, Molluscs, Hydracarina зэрэг нь одоогоор шинжлэгдээгүй байгаа юм.


Төв аймаг, Баян сумын нэгэн тогтоол нуур, Triops sp